Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих

Б. НОМИН: ХОЁР НАСТАЙГААСАА НОМЫН ТӨВИЙН ГЭР БҮЛИЙН ТАНХИМД ҮЛДДЭГ БАЙСАН

  • Нийтэлсэн огноо
  • 2020-04-04

  • Ш. Баянжаргал Нийтлэлч

Шинэ танил булангийнхаа анхны дугаараар хүүхэд, багачуудыг ном уншихад уриалан дууддаг, “Номын нөхөр болцгооё” хувийн влогоо хөтөлдөг 11 настай Б. Номинг танилцуулж байна.

-  Юун түрүүнд Номин хэдэн онд төрсөн бэ, одоо хэддүгээр сургуульд ямар ангид сурч байгаа вэ?

- Би 2009 оны 05 сарын 28 нд төрсөн. Одоо Лаборатори VIII сургуулийн 5а ангид сурдаг.

-   Ямар хоббитой  вэ. Ном унших их дуртай гэсэн үүнийгээ ч баталж влог хөтөлж эхэлсэн байсан. Яагаад ном унших ийм дуртай болсон бэ? ээж аавын зүгээс энэхүү хоббиг хэрхэн дэмждэг вэ?

- Зураг зурж ном унших хоббитой.  Мөн урлаг спортын сонирхолтой драм, ятга , бүжиг, зураг, волейбол, сагсан бөмбөг, математик, англи хэлний дугуйлангаар хичээллэдэг. Хөл хорионы үеэр чөлөөт цаг ихтэй байсан болохоор уншихаар төлөвлөж байсан номуудаа уншаад бусад найзууддаа сонирхол төрүүлэх зорилгоор влог хөтөлж эхэлсэн. Бүүр жоохон бичиг үсэг сураагүй байхад аав ээж ном авч өгөхөөр зургийг нь харж үйл явдлыг нь ойлгож чаддаг байсан. Түүнээс эхлээд л ном унших сонирхолтой болсон. сургуульд сурч бичиг үсэг сураад номуудаа бие даан уншиж, уншсан номынхоо талаар гэрийнхэндээ ярьж өгөх дуртай болсон. Миний хоббиг аав ээж хоёр маань маш ихээр дэмжиж үргэлж тусалдаг.  

- Хэдэн настайгаасаа ном уншиж эхэлсэн бэ? одоо ойролцоогоор хэчнээн ном уншсан бэ?

-1-р ангийн эхний улирлаас л  ном уншиж эхэлсэн. Зарим үзээгүй үсэг тааралдахад яаж дуудлагыг нь асууж байгаад уншчихдаг байсан. Одоо ойролцоогоор 520 гаруй ном уншсан байхаа. Ээж намайг жилд 100 ном унших хэрэгтэй гэж зөвлөсөн.

- Номоо ихэвчлэн хаан уншдаг вэ. Аймгийн төв номын санд их очдог гэж сонсон?

- Би ном уншихдаа ихэвчлэн аймгийн Номын төв болон сургуулийн номын санд бас өрөөндөө чимээгүй орчинд унших дуртай. Аймгийн  Номын төвд бүр хоёр настайгаасаа эхлээд Гэр бүлийн танхимд үлддэг байсан.  Дараа нь сургуульд ороод Хүүхдийн уншлагын танхимд суудаг болсон. Тэнд олон сонирхолтой ном байдаг бас шинээр ном ирдэг, номын санч эгч нар нь сайхан зантай нь надад таалагддаг.

-  Яагаад ер нь бичлэг хийж, влог хөтлөхөөр шийдсэн бэ? интернет орчинд хэдэн цаг байдаг, хэрхэн зөв ашиглаж байна. Одоо бол  Номингийн үеийн хүүхдүүд  янз бүрийн бичлэг үзэх, нүүр ном ашиглах, тоглоом тоглох зэргээр олон цагийг интернет орчинд өнгөрөөж байна. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-   Хүүхэд болгоныг интернетийг  бага цагаар зөв ашиглаж ном сайн уншдаг байгаасай гэж влог хийхээр болсон. Мөн би уншсан номынхоо талаар ямар сонирхолтой болох,  ном уншихын сайхныг хүүхэд болгонд мэдрүүлэх гэсэн юм. Миний үеийн хүүхдүүд чат болон facebook  ихэвчлэн ашиглаж  байгаа нь надад таалагддаггүй . Би интернетийг зөвөөр ашиглахын  тулд номын бичлэгээ оруулж, мөн зургийн cool art болон Англи хэлний хичээл үзэхэд нийт 40 минут өдөрт зарцуулдаг.

- Ном уншихаас гадна шүлэг зохиох дуртай гэсэн. Өөрийн хэдэн шүлэгтэй вэ? ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ. Сэтгэлд нь мартагдахааргүй сэтгэгдэл үлдээж, сэтгэлийг нь хөдөлгөж байсан уралдаан байгаа юу?

- Би ном уншаад номоосоо мэдэж авсан мэдлэгээ ашиглан  төрөл бүрийн сэдвээр шүлэг зохиох дуртай. Заримдаа тэр ном шиг ном зохиож чадах юм шиг сэтгэл төрдөг. Нийт 20 гаруй шүлэгтэй. Ихэвчлэн алдартай шүлэг найраглал цээжилж уншдаг. Жишээ нь Эх орон, Багш , Тусгаар тогтнол, Намайг сансарт нисэхээр, Өлгөөтэй хайдав,  Хил дээр бичсэн шүлэг зэрэг олон байгаа. Маш олон тэмцээн уралдаанд оролцож байсан Уран жиргээ,Хүрэл тулга гэх мэт. Д.Нацагдоржийн Цагаан сар ба хар нулимс зохиолын жүжигчилсэн хэлбэрээр бэлдсэн тэмцээнд  найзуудтайгаа оролцож мөн сэтгэлдээ хүрэхээр сайн бэлдсэн учраас их гоё санагддаг. Одоо ч бодогддог.

-  Танай үеийнхэн хэр ном уншиж, номтой нөхөрлөж байна. Үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна.

-  Манай найзууд болон манай сургуулийнхан номыг маш сайн уншдаг.  Би найзууддаа хандаж хэлэхэд номыг ойлгож унших нь юу юунаас илүү хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Миний уншсан номуудаас “Хадагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар” ном миний сэтгэлд тодхон үлдсэн. Учир нь уншихад бусад номоос арай л өөр мөн их сонин содон адал явдалтай бөгөөд  бодит амьдралыг  уран сэтгэмжтэй  холбосон юм шиг  байсан болохоор тод сэтгэгдэл үлдээсэн.

- Ярилцлага өрнүүлж, өөрийнхөө тухай, номын тухай сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

- Миний номын влогыг үзэж ярилцлага авсан танд баярлалаа.