Бидэнтэй хамртан ажиллах

 

Бидэнтэй хамртан ажиллах

Холбоо барих
10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 24-ний 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ЖИЖИГ ОРНЫ ТОМ МӨРӨӨДӨЛ

Image

Гэнэт уур хүрээд, Хятад юм өмсөхгүй гээд хувцсаа ялгаад харсан чинь тэмээний ноосон оймс, эсгий таавчиктайгаа үлдчихлээ. Энэ хошигнол нийгмийн сүлжээнд олон мянган хүний дунд “хаха” авч бид өөрсдийгөө дооглоод ч байгаа юм шиг, байгаа байдалдаа харуусаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн нь саяхан. Энэ постны доор “Монгол мөрөөдөл гэж 2 өрөө байр, Япон машин биш үйлдвэрлэгч орон болох” гэж бичсэн сэтгэгдэл эрхгүй анхаарал татсан юм.

    Хоёр их гүрний дунд орших жижигхэн Монгол Улсад ОХУ, Хятадад байхгүй зүйл маш олон. Гэхдээ энэ 2 гүрэнд байхгүй ямар үйлдвэр манайд байгаа вэ? гэж асуувал хариулах хүн цөөн. Зөвхөн ОХУ-ын талаар бодож үзэцгээе. Байгалийн хий, зэс, авто машин, шатах тослох материалын үйлдвэрлэл, эдгээр бүтээгдэхүүнийх нь тив, дэлхийн хэмжээнд эргэлддэг борлуулалт зэргийг нь бодож үзвэл “ОХУ-д Монголд байхгүй нэг ч үйлдвэр алга” гэж бүгд хариулна гэдэгт итгэлтэй байна.

    Гэхдээ энэ нь буруу хариулт юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “хаягдал” овоолгыг түшиглэж Монголчууд цэвэр зэс үйлдвэрлэж буй. Яг ийм үйлдвэр хойд хөршид маань нэг ч үгүй. Энэ бол бид эх орондоо эсгий тавчик, нэхмэл оймсноос өөр юу ч хийж чадахгүй гэх бараан, гутранги үзлийг өөд татах, сэтгэлд оч асаах цөөхөн жишээний нэг юм.

    Харамсалтай нь ЭНЭ БОЛ МОНГОЛ! Энэ улс баялаг бүтээгчиддээ, сэхээтнүүддээ тийм ч ээлтэй газар биш. Тэднийг гүтгэнэ, харлуулна, эцэст нь нийгмээрээ хараана. Хууль, дүрэм, журам нь гэхээсээ илүү улс төрчид нь бизнес эрхлэгчдээ шүүнэ.

    Яг энэ зовлонг амсаж яваа аж ахуйн нэгжийн төлөөлөл бол “Ачит Ихт” ХХК. Эдний компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн ордоос бараг л тастаж аваад олборлолт хийж байгаа гэх мэдээлэл тараад удаагүй байна. Үнэн хэрэгтээ “Эрдэнэт үйлдвэр” хаягдал гэж үзсэн буюу тус үйлдвэрийн баяжуулах технологид тохирохгүй исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж байгааг олон нийт төдийлөн ойлгохгүй байх шиг.

    “Эрдэнэт үйлдвэр” баяжуулах технологидоо тохирохгүй хүдрээ овоолго үүсгэн хаясаар ирсэн. Сүүлийн 40 гаруй жилийн турш энэ хаягдал нь нийтдээ 12 овоолгод хуримтлагджээ. Эдгээрээс зөвхөн 2-р овоолгыг “Ачит Ихт” ХХК 2014 оноос ашиглаж эхэлсэн юм. Үүнээс хойш тус компани Лондонгийн металлын биржид 99.999 цэвэршилттэй А зэрэглэлийн катодын цэвэр зэс борлуулж байна. Эдний үйлдвэр жилд 10 тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш улс болон орон нутгийн төсөвт 160 тэрбум төгрөгийн татвар хураамж, “Эрдэнэт үйлдвэр”-т 10 тэрбум төгрөгийг ашиглалтын төлбөр төлжээ.

    Өнөөдөр тус компанийн ашиглаж байгаа овоолгын эдийн засгийн үр өгөөжийг 1994, 1995, 2000 онд судалж байж. Гэнэт л энэ компанид ногоон гэрлээр өгчихсөн хэрэг огт биш. Одоогийн байдлаар Казахстан Улсад үүсмэл ордоос зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа “Централ Азиа” компани ашиггүй гэж үзээд орхиод явсан түүх ч бий.


“НОГООН УС”-ЫГ “НОГООН ЗЭС” БОЛГОЖ ХУВИРГАВ

    “Ачит Ихт” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөө нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. 2013 онд Эрдэнэт хотод “Ногоон ус”-ны дуулиан дэгдэв. Хангалын гол ногооноор урсаж Эрдэнэтчүүд тухайн голоос усалсан малын мах, ногоог хүнсэнд хэрэглэхээс түгших болсон юм. “Ногоон ус” гэдэг нь товчхондоо хүхрийн хүчилтэй ус. Хүхрийн хүчил нь, H2SO4 молекул томъёотой, маш идэмхий, хүчтэй эрдэс хүчил. Тунгалаг, үл мэдэг шаргал туяатай, устай ямар ч харьцаагаар холилддог тосорхог шингэнгэж Wikipedia сайтад бичжээ.

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал овоолгуудад их хэмжээний хүхрийн хүчил агуулагддаг. Хур тунадасны нөлөөгөөр эдгээр овоолгоос гарах “ногоон ус” гадаргын болон гүний усанд сөргөөр нөлөөлдгийг мэргэжлийн бүх байгууллага хүлээн зөвшөөрдөг. Ингээд зогсохгүй ууршиж хүчиллэг бороо орох эрсдэлтэйг ч хэлдэг. 2013 онд тус “Эрдэнэт үйлдвэр”-ийн 1, 8, 12 зэрэг хэд хэдэн овоолгоос “ногоон ус” гарч Хангалын голд нийлсэн нь энэ байлаа.

    Тэгвэл байгаль орчин цаашлаад хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй “ногоон ус”-ны эх, ундарга болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал овоолгыг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь мөнгөнөөс чухал зүйл гэж дүгнэхэд хүргээд буй. Энэ талаар Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ ярихдаа “Ачит Ихт ХХК нь овоолгоос гардаг ногоон усыг байгальд алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд ногоон усыг зориулалтын цөөрөмд хадгалдаг. Цаашид тус компани технологио шинэчилж талбайн уусгалт хийх болсноо бидэнд мэдэгдсэн. Ингэснээр зориулалтын талбайд уусгалт хийж байгальд хор нөлөөгүй байдал нь улам нэмэгдэнэ” гэлээ.

    Нөгөө талаар Ачит Ихт ХХК-ийн үйлдвэрлэсэн зэсийг “ногоон” гэж тодотгох учир нь үйлдвэрлэлийн процессдоо цахилгаан маш бага зарцуулдагтай шууд холбоотой юм.

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ АМБИЦ

    Бидэнд нэг л зорилго бий. Тэр нь дэлхийд өрсөлдөх. Үүний тулд бид дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадны улс орнуудад зарж олсон мөнгөө эдийн засагтаа оруулах ёстойг бид маш олон жишээнээс харсан, мэдэрсэн.

    Жил бүр гардаг “Дэлхийн өрсөлдөх чадвар”-ын тайланд Монгол Улс сүүл мушгисаар олон жилийг үджээ. Үүнд манай улс доогуур үнэлэгдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний хөгжлийн асуудал юм.

    Дэлхийд өрсөлдөхийн тулд шинжлэх ухааны судалгаа шинжилгээг хөгжүүлэх ёстой. Гэхдээ үүнийг төр дангаараа хийгддэггүй аж. Дэлхийн бусад орны жишгийг харахад хувийн хэвшлийн судалгаа, шинжилгээний байгууллагууд улсынхаа хөгжилд багагүй хувь нэмэр оруулсаар иржээ.

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан ярихдаа “Герман Улсад аливаа судалгаа шинжилгээ хийх зардлын гурвны нэг хувийг төр, гуравны хоёр хувийг хувийн хэвшил нь санхүүжүүлдэг. Австрали Улсад гэхэд хувийн хэвшлийн судалгаа шинжилгээнд зарцуулсан мөнгөн дүнг нь татвараас чөлөөлдөг зэргээр судалгаа шинжилгээг төр, хувийн хэвшил хамтарч дэмждэг” гэсэн юм.

    Тэгвэл “Ачит Ихт” ХХК судалгаа, шинжилгээний салбарт өрсөлдөх амбицтай байгаагаа 5 жилийн ойгоороо олон нийтэд зарлалаа. Тодруулбал, Тус компани дэргэдээ судалгаа шинжилгээний нэгж байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Үүгээрээ дамжуулж цэвэр зэсээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болон энэ чиглэлийн өндөр технологийг нутагшуулах боломжийг гадаад, дотоодын эрдэмтэдтэй хамтран судлахаар төлөвлөжээ. Энэ ажлын эхлэл болгож тэд “Олон Улсын Зэс судлалын групп”-д элсээд удаагүй байна.

    Хэрэв шүү! Хэрэв тус компани судалгаа шинжилгээний салбартаа амжилт гаргаж цэвэр зэс ашиглан дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал худалдан авагч нь дэргэд бий. Энэ бол өдрөөс өдөрт эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбар нь хөгжиж буй Хятад Улс. Тэд цахилгаан хөдөлгүүрт авто машин, гар утас, электрон барааны үйлдвэрлэлд хэдийн гол тоглогчдын нэг болсноо харуулаад байна. БНХАУ-ын зэсийн хэрэглээний талаар Судлаач, эдийн засагч, докторант Ч.Отгочулуу “БНХАУ-ын нэг хүн оногдох ДНБ-ий хэмжээ тогтмол өсөж байгаа. Нэг хүн оногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэхээр дагаад зэсийн хэрэглээ өсдөг. Өнөөдрийн байдлаар нэг Хятад хүнд 8 кг зэсийн хэрэглээ оногддог. Тус улс 2045 он гэхэд зэсийн хэрэглээгээ нэмэгдүүлж Солонгос, Тайвань улсыг түвшинд хүргэх зорилттой байгаагаа зарласан” гэсэн юм. Тэгэхээр “АЧИТ ИХТ” ХХК-ийн амбиц нэг компанийнх биш МОНГОЛ УЛСЫН цаашдын амбицын эхлэл байж мэдэх юм.

МОНГОЛЧУУДЫН БОСГОСОН ҮЙЛДВЭР ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

    Дэлхийд өрсөлдөх талаар бичсэн байгааг уншаад магадгүй зарим хүн итгэхгүй, заримынх нь хөх инээд хүрч байж болох юм. Тэгсэн гэдэгт ч итгэлтэй байна . Бид өөрсдийгөө ноосон оймс, эсгий таавчикнаас өөр зүйл хийж чадна гэдэгт ер итгэдэггүй.

    Гэтэл эх оронд маань ашиглалтад орсон гедрометалургийн 2 дахь үйлдвэр болох “Ачит Ихт” ХХК-ийн зэсийн үйлдвэрийг Монгол залуучууд өөрсдийн гараар барьж байгуулжээ. “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий технологич, докторант Л.Галсүрэн “Үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтыг Эрдэнэт хотын 25-30 насны 120 залуу, 10 инженер бие даан өөрсдийн оюун ухаан, туршлагаар гүйцэтгэсэн. Одоо ч эдгээр залуус маань үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж байгаа” хэмээн ярьсан юм.

    Сануулахад бид зэсийн баяжмалаа лзарж, төсвөө бүрдүүлдэг байсан үе саяхан. Харин одоо Монголчууд цэвэр зэс үйлдвэрлэж Лондонгийн металлын бирж дээр борлуулж, гол тоглогчдынх нь нэг болоод байна.

    Өөрсдийгөө, элэг нэгтнүүд ээ дутуу үнэлэхээ больцгооё. Бид зохион бүтээж, үйлдвэрлэж, борлуулж, ашиг олж чадна. Сэтгэл шулуудсан, эрсдэлээ үүрсэн баялаг бүтээгчид ээ дэмжицгээе.

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Нийтлэл

“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”

2020-10-13

“Хүүхэд бол  цэцэг  юм. Харин багш нар бол  цэцэрлэгчид юм. Эдгээр  цэцгүүдийн ...

Мэдээ унших
Нийтлэл

ТҮҮХИЙН ЗАХИАЛГА - ЦАГ ХУГАЦААНЫ ДАВХЦАЛ /ЭРГЭЦҮҮЛЭЛ/

2020-02-10

 Технологийн сургуулиас үйлдвэрийн ажилтнуудын дунд зарласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн ...

Мэдээ унших
Нийтлэл

ҮНДЭСНИЙ КОМПАНИА ХААШ НЬ ЧИРЧ ЭХЛЭВ ЭЭ?

2019-05-24

   1978 оноос балансын бус хэлбэрээр овоолж ирсэн ядуу агуулгатай хүдрийн овоолгоос баялаг ...

TOП мэдээ

Нийтлэл

Ш. Баянжаргал нийтлэлч

“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”


Ш. Баянжаргал нийтлэлч

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНД /тэмдэглэл/


Биднийг дагах

Шууд эфир