Бидэнтэй хамртан ажиллах

 

 

Холбоо барих

М. ДОРЖ : ААВЫНХАА ХЭЛСЭН ҮГИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙГАА

Image

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Ганбөмбөлгийн цехийн инженер Н. Доржтой ярилцлаа


Та бол Эрдэнэт үйлдвэрийн хамгийн залуу инженерүүдийн нэг. Мөн ажил дээрээ нэлээдгүй олон ажлыг санаачлан хэрэгжүүлж амжилт гаргасан хүн. Ажлын түүхээсээ хуваалцаач?


Би 2016 онд Ш. Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийг Металлургийн инженерээр төгсөөд, төгссөн жилдээ тус сургуульдаа Уул уурхайн лаборантаар ажиллахын хажуугаар магистрт суралцаж төгсөөд  2017 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цехэд Технологич инженерээр дэвшин ажилласан.


Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан "Мастерын манлайлал" хөтөлбөрт хамрагдсан хамгийн залуу инженер шүү дээ. Энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй яривал? 


Ганбөлбөлгийн цехэд ажилд ороод удаагүй байхад Мастерын манлайлал хөтөлбөр зарлагдаж инженер, техникийн ажилчид хамрагдах боломжтой хэмээн манай дарга хэлж хүмүүсээс санал авсан. Тиймээс би өөрийн хүсэлтээ гаргаж, анкет бөглөж өгөөд хоёр шат дамжиж сонгогдон тус зорилтод хөтөлбөрт хамрагдсан.  Хөтөлбөрийн хүрээнд нийт 40 мастерыг 5 баг болгон мэргэжлийн багшаар удирдуулан сургалт, уулзалтад хамруулсан.  Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн компанитай туршлага судлах зэрэг мастеруудын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.


Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар танд болон танай багийнханд гарсан өөрчлөлтөөс дурдвал?


Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө таньж сурсан. Хөтөлбөр ер нь өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таних талруу чиглэгдсэн олон сургалтуудыг хийсэн би сургалтуудаас их зүйл сурсан. Жишээ нь хэлний мэдлэгээ дээшлүүлж, өөрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан. Өөрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь амьдралд их хэрэгтэй байдаг юм байна лээ. Тиймээс би дараа дараагийн жилдээ үүнийг өөртөө хэвшил болгон байнга төлөвлөгөө боловсруулж байх болно.


Олон зүйлийг  "Мастерын манлайлал" хөтөлбөрөөс сурсан гэлээ. Ер нь сурсан мэдсэнээ хэрхэн бусадтай хуваалцдаг вэ?


Бусадтай хуваалцахдаа баяртай байдаг. Энэхүү хөтөлбөрөөс мэдэж авсан олон зүйлийг өөрийн хүрээнд байдаг найзууд, гэр бүл, хамт ажилладаг хүмүүстээ хэлж өгсөн. Мөн өөрийн гэсэн таван асуултыг боловсруулж удирдлагуудаасаа асууж тэднээс туршлага судлахад ашигласан.


Өөрийн хувийн хөгжил талаасаа пауэрлифтингийн спортоор хичээллэдэг шүү дээ.  Тус спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ. Ямар амжилтуудыг гаргаж байсан бэ. Энэхүү спорт луу танийг анх хэн хөтөлж оруулж байв.


Энэхүү спортоор хичээллэх болсон шалтгаан миний аавтай холбоотой байдаг юм. Би аавтайгаа хамт фитнессд явдаг байсан. Төд удалгүй 2011 онд аав минь бурхан болсон. Аав  надад дандаа “Миний хүү, мундаг монгол эр хүн болоорой” гэж захидаг байсан учраас би аавынхаа хэлснийг үргэлж санж сүүлийн долоон жил тасралтгүй энэ спортоор хичээллэж бас тэр хугацаандаа чамгүй амжилт гаргасан. Үүнээс дурдвал 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн.


Спортын ийм мундаг хүн хамт олны дунд байхаар хамт ажиллагсад нь бас спорт сонирхож, суралцахыг хүсдэг байх?


Хүмүүс намайг бас ажлын залуу гэж хархаас гадна спортмэн гэж их хардаг. Тиймээс энэ тал дээр зөвлөгөө их авдаг. Би цехийнхээ 10 гаруй ажилчдыг фитнес, эрүүл мэндийн чиглэлээр биеийн тамир, чийрэгжүүлэлтийн секц дугуйланд хамруулан өөрөө зааж сургаж байна.


Амжилттай яваа эр хүний ард эхнэр байдаг гэдэг шүү дээ. Гэр бүлийнхээ тухай яривал?


Тэгэлгүй яахав миний өдий зэрэгтэй яваа  эхнэрийн минь хувь нэмэр их бий. Би одоо гурван хүүхэдтэй. Манай том охин намайг 11-р анги төгсөхөд гарсан. Энэ хугацаанд эхнэр бид хоёр хоёулаа их сургуулиа төгссөн. Одоогоор бага хүүхэд маань жоохон байгаа учир эхнэр гэртээ хүүхдээ харж байгаа. Энэ дашрамд эхнэртэй баярлалаа хэмээн хэлмээр байна.


11-р ангиа төгсөхдөө аав болж байсан байна ш дээ. Тэгэхээр үеийнхнийгээ бодоход эрт амьдрал үзсэн гэж ойлгож болох юм. Тиймээс таны 10 жил, оюутны 4 жил хэрхэн өнгөрсөн бэ дурсан яривал?


Тиймээ оюутан байх үедээ гэр бүл зохиоцон, спортоор хичээлэлдэг байсан болхоор аль аль зүйлийн амжуулах гэсэн хөдөлгөөнтэй, хичээл зүтгэлтэй байсан юм болуу гэж одоо би боддог юм. 10 жилдээ мөн оюутан байхдаа химийн хичээлдээ нэлээд сайн улс, аймгийн олимпиадуудад оролцож дээгүүр байр эзэлдэг хүүхэд байсан. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон.


Таны цаашдын зорилго нууц биш бол хуваалцаач?


Мэдээж. Би ер нь энэ тал дээр нэлээд бодож үзсэн. Миний амьдралын зорилго бол үр хүүхдээ эрүүл саруул өсгөх. Харин спортын зорилго бол цаашдаа гавьяат тамирчин бол манлайллын тал дээр би үргэлж бусдад эерэг хандлагыг түгээж эерэгээр манлайлна гэсэн зорилготой байгаа.


Залуу хүн гэхэд та бас ажил, амьдрал, спортод багагүй байр суурь олсон байна шүү дээ. Тиймээс залуус даа хандаж юуг зөвлөх вэ?


Миний хэлэх дуртай үг байдаг. Залуу хүн завгүй байх тусмаа амжилттай байдаг. Бүх талд бүх зүйлийг зохицуулахын төлөө хий, хич ээ, эрмэлз, тууштай байвал тэр чинээгээр таны танил ихсэж, бодол ухаан тэлж байдаг шүү хэмээн хэлмээр байна. мөн бас миний өдий зэрэгтэй яваа нь сайн багш, сайн удирдлагуудын тус нэмэр их байдаг тиймээс байгууллагын удирдлагууддаа баярлалаа хэмээн хэлмээр байна.
 

Холбоотой мэдээлэл

Мэдээ унших
Нийтлэл

“МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ”

2020-10-13

“Хүүхэд бол  цэцэг  юм. Харин багш нар бол  цэцэрлэгчид юм. Эдгээр  цэцгүүдийн ...

Мэдээ унших
Нийтлэл

ТҮҮХИЙН ЗАХИАЛГА - ЦАГ ХУГАЦААНЫ ДАВХЦАЛ /ЭРГЭЦҮҮЛЭЛ/

2020-02-10

 Технологийн сургуулиас үйлдвэрийн ажилтнуудын дунд зарласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн ...

Мэдээ унших
Нийтлэл

ЖИЖИГ ОРНЫ ТОМ МӨРӨӨДӨЛ

2019-11-19

Гэнэт уур хүрээд, Хятад юм өмсөхгүй гээд хувцсаа ялгаад харсан чинь тэмээний ноосон оймс, эсгий таавчиктайгаа ...